Цамаан хүнд эд баялаг ер нь ирсэн ч тогтдоггүй. Цамаан ба хангалуун байдал нь тэс өөр. Аливаа урсгал, энерги нь амьтай байдаг. Хүн мэдрэмжтэй байдаг. Хүн мэдрэмжээрээ оролцож, хуваарилдаг. Цамаан занг тусч зан гэж андуурах хэрэггүй. Амьдралд хуваалцаж болох болон хуваалцаж болохгүй зүйлс байдаг.
Амралтын өдөр гэртээ байхдаа шинээр юу авах тухай бодохын оронд, байгаа зүйлсээ сайн анзаараарай. Зарим айлд мөнгө хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь хэрэгцээгүй зүйл худалдаж авдаг биш, харин байгаа зүйлсээ олж харахгүй, ашиглаж чадахгүй байдалтай холбоотой байдаг.
Шүүгээнд байгаа зүйлсээ мэдэхгүй дахин худалдаж авдаг. Эвдэрсэн зүйлийг засахын оронд шинээр сольдог. Хүнсээ хангалттай хадгалж чадалгүй муутгаж хаядаг. Жижиг мэт санагдсан ч давтагдсан зарлага нь гэр бүлийн санхүүд ихээхэн дарамт учруулдаг.
Фэнг Шүйн бэлгэдлээр гэрийн эд баялгийг хамгаалах нь өөрт байгаа зүйлдээ эзэн болж, арчилж, зориулалтаар нь хэрэглэхээс эхэлдэг. Эд баялгийн зэмсэг байсан ч өдөр тутмын үргүй зарлагаа анзаарахгүй бол мөнгө тогтохгүй.
Тиймээс энэ амралтын өдрөөр гэрийнхээ бүх юмыг гаргаж эмх замбараагүй болгох хэрэггүй. Харин байнга хэрэглэдэг нэг шүүгээ, нэг тавиураас эхлээрэй.
Юу байгаа, юу дуусаж байгаа, юуг давхар худалдаж авснаа хараад ижил зориулалттай зүйлсээ нэг дор байрлуул. Байгаа зүйлээ нүдэнд харагдахуйц, авахад амар байлгах нь хэрэггүй худалдан авалтыг багасгах болно.
Хөргөгчөө ч бас шалга. Гэрийнхээ орцоор амралтын өдрийн хоолоо төлөвлөж, хурдан хэрэглэх хүнсээ урд нь тавь. Идэх боломжтой хүнсээ муутгаж хаях нь мөнгөөрөө авсан зүйлээ ашиглаж амжилгүй алдахтай адил.
Дараа нь дусалж байгаа крант, ус алдаж байгаа суултуур, бүрэн хаагддаггүй цонхоо анзаараарай. Фэнг Шүйд ус алдах нь эд баялаг тогтохгүй байхын бэлгэдэл гэж үздэг. Бодит амьдрал дээр ч ус, дулааны алдагдал нь төлбөр, засварын зардал болж гардаг учраас үүнийг хойшлуулах хэрэггүй.
Засах зүйл байвал “дараа болно” гэж хойш тавилгүй, засах өдрөө товло. Бага дээр нь шийдсэн асуудал том зардал болохоос сэргийлнэ. Байгаа эд зүйлээ хайрлах, хүнсээ зөв хэрэглэх, эвдрэлээ цагт нь засах нь эд баялгаа хамгаалж буй үйлдэл юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ